“Арилжааны төлбөр тооцоо ҮЦК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал О.Эрдэнэгэрэл: Хөрөнгийн зах зээл ДАРАА ТӨЛБӨРТ тооцооны системд шилжлээ

2020-03-31 10:40   Уншсан тоо: 332

“Арилжааны төлбөр тооцоо ҮЦК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал О.Эрдэнэгэрэлтэй ярилцлаа.

- Танай байгууллага юу хийдэг байгууллага вэ, үйл ажиллагааныхаа талаар товч танилцуулна уу?

- Манай компани нь хөрөнгийн зах зээлд арилжигдаж байгаа үнэт цаасны төлбөр тооцоог хийж гүйцэтгэхээр 2016 онд байгуулагдсан 100% төрийн өмчтэй, мэргэжлийн байгууллага юм. Гэхдээ цоо шинээр байгуулагдсан байгууллага гэж бүү бодоорой. Үнэт цаасны арилжаа явагдсан л бол хэн хэдэн төгрөгөөр ямар үнэт цаас хэдэн ширхгийг худалдан авсан гэсэн тооцоог хийх шаардлага үүсдэг. Энэ үүргийг гүйцэтгэгч нь манай байгууллага юм. Тэгэхээр 1991 онд МХБ байгуулагдсан цагаас эхлэн Төлбөр тооцоо, хадгаламжийн алба нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байгаад 2003 онд Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв нэртэйгээр бие даасан үйл ажиллагаа явуулдаг компани болж салаад 2016 онд дахин Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв ХХК, Арилжааны төлбөр тооцоо ХХК болж 2 компани болон салж, илүү нарийвчилсан чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг болсон.

- Нэг байгууллага ингэж олон компани болж салах нь ямар ашиг тустай вэ, зардал өсөхгүй гэж үү?

- Хөрөнгийн зах зээл гэдэг нь хөрөнгө оруулалтын гол орчин, тухайн улс орны нүүр царай болдог юм байна л даа. Ялангуяа дэлхий “хавтгай” болсон энэ цаг үед. Хэдийгээр манай улсад хөрөнгө оруулалтын орчин сул хөгжсөн хэдий ч хөрөнгө оруулагчид олон улсад тогтсон стандартыг шаардаж байна. Хөрөнгө оруулагчдын хувьд Хөрөнгийн бирж дээр нь ямар үнэт цаас арилжигддаг юм бэ?, Тэдгээр үнэт цаасанд ямар шаардлага, шалгуур тавигддаг юм, хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалахын тулд яаж ажилладаг юм гэж асуухаас гадна төлбөрөө хэрхэн хийх вэ, мөнгөө урьдчилан байршуулах уу, хувьцаа худалдан авсныхаа дараа төлбөрөө хийх үү, хувьцаагаа зарсны дараа төлбөр нь орж ирэхгүй бол ямар арга хэмжээ авах вэ, олон улсын банкны холбооноос гаргасан Санхүүгийн дэд бүтцийн байгууллагуудын зөвлөмжийг хэрхэн биелүүлж байна вэ гэдгийг анхааралтай судалсны дараа хөрөнгө оруулалтын шийдвэрээ гаргаж байна. Бид Санхүүгийн дэд бүтцийн байгууллагуудад тавигддаг шаардлагыг зохистойгоор хэрэгжүүлж чадвал гадаад дотоод гэж ялгахгүйгээр хөрөнгө оруулагчдад таатай орчинг бүрдүүлж чадах юм. Таатай орчин гэдэгт маань хөрөнгийн хөрвөх чадвар, энгийн ойлгомжтой байдал, бага зардал гээд бүгд хамаарна. Одоохондоо байгууллагын тоо нэмэгдэж зардал нэмэгдэж байгаа мэт харагдаж байгаа хэдий ч илүү нарийн мэргэшиж ажилласнаар зах зээлийн орчныг хөгжүүлэх, хөрвөх чадварыг сайжруулах, зах зээлийн өгөөжийг нэмэгдүүлэх, нэгжийн зардлыг бууруулах гэх мэт эдийн засгийн ач холбогдолтой.

- Одоо тэгээд таатай орчин бүрдсэн үү, яг одоогийн байдлаар тийм гэж харагдахгүй байна.

- Манай компани 2017 оноос хойш яг энэ тал дээр анхаарал хандуулж ажилласан. Эхлээд  нөхцөл байдлаа судалсан. Хөрөнгө оруулагчид битгий хэл мэргэжлийн байгууллагуудад ч ойлгомжгүй, давхардсан, шаардлагагүй үйл ажиллагаанууд их байсан. Энэ тухай ТУЗ, хувьцаа эзэмшигчдээ, бусад мэргэжлийн байгууллагуудад танилцуулах, шийдвэрлэх арга замыг хамтран тодорхойлох зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Олон улсын байгууллагуудаас хийсэн судалгаа, өгсөн зөвлөмжүүдийг хамтран судлаж, нэгдсэн зорилго, чиглэлтэй болоход багагүй хугацаа шаардсан. Үүний үр дүнд бид энэ 3-р сарын 31-нээс дараа төлбөрт тооцооны системд шилжихэд бэлэн болоод байна. Ингэснээр хөрөнгө оруулагчид 100% урьдчилан мөнгөө байршуулах эсэхийг ҮЦК-иуд шийдвэрлэх боломжтой болох юм. ҮЦК-иудыг хөрөнгийн чадвараа сайжруулахыг  шаардахын зэрэгцээ арилжаа, клирингийн уян хатан нөхцөлийг санал болгох юм. ҮЦК-иудын санхүүгийн болон эрсдэл даах чадвар сайжирснаар  харилцагчиддаа үзүүлэх санхүүгийн олон төрлийн үйлчилгээнүүдийг боломжтой болж өрсөлдөх чадвар  сайжирч эцсийн дүндээ хөрөнгө оруулагчдад таатай нөхцөл боломжууд бий болно.

- Дараа төлбөрт тооцооны тухай бага зэрэг дэлгэрүүлнэ үү? Хувьцаа авчхаад мөнгөө төлөхгүй байх нөхцөл үүсэх үү?

- Арилжааны төлбөр тооцоо хийдэг байгууллагын хувьд ҮЦК-иудад төлбөрийн 30%-ийг урьдчилан байршуулаад үлдэгдэл 70%-ийн төлбөрийг 2 хоногийн дараа төлөх боломжийг олгож байгаа юм. Гэхдээ бүх үнэт цаасны компанид биш. Санхүүгийн болон программ хангамж, хүний нөөцийн чадавхтай, тодорхой шаардлага, шалгуурыг хангасан, эрсдэлээ хуваалцахыг зөвшөөрч хүсэлт гаргасан ҮЦК-иудыг клирингийн гишүүнээр элсүүлэх юм. Клирингийн гишүүнээр элссэн ҮЦК-иуд харилцагчийнхаа санхүүгийн нөхцөл байдал, итгэл даах байдал зэргийг таньж мэдсэн байдлаасаа шалтгаалан урьдчилгаа төлбөрийг 0-100% болгох эрхтэй болох юм. Захиалгаа өгчхөөд хэзээ биелэхийг нь мэдэхгүй 100% төлбөрөө байршуулах, эсвэл ханшийн өсөлт бууралтын үед мөнгөө байршуулаагүйгээс болон захиалга өгч чадахгүй байх зэрэг асуудлыг шийдвэрлэх боломжийг ҮЦК-иудад олгож байгаа юм. Мэдээж хэрэг хувьцаа авах захиалга өгчхөөд төлбөрөө төлөхгүй тохиолдолд хувьцаагаа зарсан хүн нь төлбөрөө заавал хүлээж авах нөхцөлийг бүрдүүлэх эрсдэлийн удирдлагын механизм ажиллах болно. Олон улсын зарчимд үүнийг Төлбөрийн эсрэг Нийлүүлэлт буюу DvP зарчим гэж нэрлэж байна. Бид энэ зарчимд нийцүүлэн ажиллах болно. ҮЦК өөрийнхөө харилцагчдын төлбөрийн эрсдэлийг хариуцахаар клирингийн шууд гишүүнээр элсэхээс гадна өөр бусад ҮЦК-иудын төлбөрийн эрсдэлийг хариуцах үүрэг бүхий клирингийн ерөнхий гишүүнээр ч элсэх боломжтой.

- Төлбөрийн эсрэг нийлүүлэлт буюу DvP зарчмын талаар тайлбарлаж өгнө үү?

Төлбөр хийгдсэн л бол нийлүүлэлт заавал хийгдэх, нийлүүлэлт хийгдсэн л бол төлбөр заавал хийгдэх зарчим юм. Өөрөөр хэлбэл хувьцаа худалдаж авсан хэлцэл хийгдээд, төлбөр хийгдсэн л бол хувьцаа нь заавал таны дансанд орж ирэх ёстой, эсрэгээрээ та хувьцаагаа зарах захиалга өгөөд хэлцэл хийгдсэн л бол төлбөр нь заавал орж ирэх ёстой. Төлбөрийн эрсдэлийг бууруулах бас нэг онцлог нь авсан зарсан 2-ын данс хооронд үнэт цаас, мөнгө хоёрыг шууд зөрүүлэн шилжүүлэх бус харилцагчийн дансанд нь, ҮЦК-иар нь, клирингийн гишүүнээр нь тооцоог нэгтгэн, цэвэршүүлсэн дүнгээр тооцох юм. Тухайлбал харилцагч нэг төрлийн хувьцаанаас 100-г аваад тэр өдөртөө 60-ыг нь зарсан бол тухайн харилцагчийн дансанд 40 ширхэг хувьцаа орно. Мөнгөн төлбөрийн хувьд мөн адил нийт авсан болон зарсан хувьцааны төлбөрийг тооцоод төлөх эсвэл авах мөнгөний тооцоог гаргана. Энэ нь төлбөрийн эрсдэлийг бууруулдаг механизмын нэг болдог. Яг үнэндээ ингээд тайлбарлахад бага зэрэг төвөгтэй ч өөрөө арилжаанд ороод үзэхээр илүү ойлгомжтой болно.

- Эрсдлийн удирдлагын механизм гэж яг юу вэ?

Төлбөр төлөгдөхгүй байх эрсдэлээс хамгаалах цогц арга хэмжээ юм. Тухайлбал Клирингийн гишүүн элсүүлснээр эрсдэлийг бууруулах эхний алхамаа хийж байна. Нэг ижил шаардлага, стандартыг хэрэгжүүлж эрсдэлээ бууруулах, хуваалцах боломжтой болно. Клирингийн гишүүд харилцагчаа таньж мэдэх, урьдчилгаа төлбөрийг хэмжээг тогтоох, харилцагч төлбөрөө төлөхгүй тохиолдолд өмнөөс нь төлбөрийг нь төлөх, хувьцааг нь худалдан борлуулж төлбөрийг барагдуулах зэрэг эрхтэй болох юм. Төлбөр хийгдээгүй тохиолдолд түр зуурын саатал үүссэн үү, дифолт болсон уу гэдгийг тодорхойлох, хувьцаагаа зарсан талд төлбөрийг сааталгүй хүргэхийн тулд тодорхой хэмжээний эх үүсвэрийг бүрдүүлэх зэрэг арга хэмжээнүүдийг авна. Эрсдэлийн сан, Төлбөрийн баталгааны сан зэрэг тусгай зориулалтын сангуудыг байгуулна. Манай компанийн хувьд эдгээр клирингийн гишүүдийг элсүүлэх, тусгай зориулалтын санд байршуулах хөрөнгийн хэмжээг тодорхойлох, төлбөрийн саатал, дифолт үүссэн үед авах арга хэмжээний дарааллыг тогтоож, хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлж ажиллах юм.

- Их олон ажлыг амжуулаад байгаа юм байна. Та бүхний ажилд амжилт хүсье.

- Энэ бүх ажлыг хийхэд мэргэжлийн байгууллагууд, шийдвэр гаргагч эрх бүхий байгууллагууд, хувьцаа эзэмшигчид гээд бүгдийн хүчин чармайлт оролцсон. Мэдээж хэрэг бүх зүйл нэг амьсгаагаар хийгдэх боломжгүй бид цаашид судлах, суралцах, сайжруулах ажил маш их байгаа. Энэ бүх ажлыг бид хамтын хүчээр нэг зорилго төлөвлөгөөтэй зах зээлээ хөгжүүлэхийн төлөө хамтран ажиллаж байна.

 

Эх сурвалж:  https://ikon.mn/n/1u6e