Санхүүгийн зохицуулах хороотой хамтран сургалт зохион байгуулав

2020-06-23 15:24   Уншсан тоо: 353

Үнэт цаасны дараа төлбөрт тогтолцоонд шилжсэнтэй холбогдон үүсч болзошгүй эрсдэлийг удирдах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Үнэт цаасны клирингийн журам”-ын 4.16.3 заалтын дагуу Клирингийн төвөөс Санхүүгийн зохицуулах хороо (СЗХ)-той хамтран “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагаа” сэдэвт сургалтыг клирингийн гишүүддээ зориулан 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдөр амжилттай зохион байгуулав.

Энэхүү сургалтаар сүүлийн жилүүдэд дэлхий дахины тулгамдсан асуудал болоод буй мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх гэмт хэргийн тухай үндсэн ойлголт, эдгээр хууль бус үйлдлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, шалган тогтоох, хариуцлага тооцох чиглэлээр олон улсын болон Монгол Улсын гаргасан хууль тогтоомж, дүрэм журам, зохицуулалт, хэрэгжилтийн талаар СЗХ-ны мэргэжилтнүүд дэлгэрэнгүй танилцуулга хийлээ.

Тухайлбал мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх төрийн байгууллагуудын эрх үүргийн хуваарилалт, Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан харилцагчийг таньж мэдэх, эцсийн өмчлөгчийг тогтоох, хувьцааны дийлэнх хэсгийг дангаараа, эсхүл бусадтай хамтран өмчлөгч, компанийн үйл ажиллагааг шууд бусаар удирдаж байгаа болон өөрийн эрхээ бусдаар төлөөлүүлж буй этгээдийг тодорхойлох, мэргэжлийн оролцогчдын төлбөрийн чадварыг тооцох, мэргэжлийн байгууллагуудад  хяналт шалгалт хийх дүрэм журмын зорилго, агуулга, хэрэгжилтийн талаар клирингийн гишүүдийн заавал мэдэх ёстой дэлгэрэнгүй мэдээлэл, тайлбаруудыг танилцуулж, оролцогчдын тавьсан асуултуудад хариуллаа.

Сургалт зохион байгуулахад дэмжлэг үзүүлж хамтран ажилласан СЗХ-ны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын хамт олон, тус газрын мэргэжилтэн Б.Батмөнх, СЗХ-ны Терроризмтой тэмцэх ажиллагааг зохицуулах зөвлөлийн нарийн бичгийн дарга Л.Энхбаяр нарт талархал илэрхийлье.

"Монголын үнэт цаасны клирингийн төв" ХХК

2020 он 6 сарын 22