Онцгой нөхцөл байдал үүссэн этгээдийн харилцагчдыг өөр зохицуулалттай этгээдэд шилжүүлэх уралдаант шалгаруулалт явуулах тухай

2020-08-27 16:28   Уншсан тоо: 105

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.2.2, 87.4.1 дэх заалтыг үндэслэн “Үнэт цаасны брокер, дилер, андеррайтерийн үйл ажиллагаа эрхлэх этгээдэд онцгой нөхцөл байдал үүссэн тохиолдолд авах арга хэмжээний тухай журам”-ын дагуу үнэт цаасны зах зээлд зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон үнэт цаасны компанийн үндсэн харилцагчдыг бусад зохицуулалттай этгээдэд шилжүүлэх зорилгоор уралдаант шалгаруулалт зохион байгуулах комиссыг Хорооны даргын 2020 оны 281 дүгээр тушаалаар байгуулсан билээ.

Иймд тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон “Капитал маркет корпораци ҮЦК” ХХК-ийн нийт 1062 харилцагчийг багцлан шилжүүлж авахыг хүссэн үнэт цаасны зах зээлд үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий зохицуулалттай этгээд Хорооны 2019 оны 51 дүгээр тогтоолоор баталсан “Үнэт цаасны брокер, дилер, андеррайтерийн үйл ажиллагаа эрхлэх этгээдэд онцгой нөхцөл байдал үүссэн тохиолдолд авах арга хэмжээний тухай журам”-ын 5.2-т заасан материалыг бүрдүүлж, битүүмжлэн 2020 оны 9 дугаар сарын 28-ны өдрийн дотор Уралдаант шалгаруулалт явуулах комиссод ирүүлнэ үү.

Тус комисс нь уралдаант шалгаруулалтын материалыг хүлээн авах сүүлийн хугацаанаас хойш ажлын 10 хоногийн дотор дүгнэж, эрх хүлээн авагчид танилцуулах ба эрх хүлээн авагч нь онцгой нөхцөл байдал үүссэн этгээдийн харилцагчдыг шалгарсан эрх бүхий компанид шилжүүлэх саналыг Хороонд ажлын 3 хоногийн дотор танилцуулах болно.

Жич: Нэмэлт мэдээллийг Хяналт шалгалт, зохицуулалтын газрын 51-261677 тоот утсаар холбогдож авна уу.

УРАЛДААНТ ШАЛГАРУУЛАЛТ ЯВУУЛАХ КОМИСС

2020.08.27