Клирингийн гишүүдийн шалгуур үзүүлэлтийн хэрэгжилтийг хянав

2020-09-16 10:18   Уншсан тоо: 92

“Үнэт цаасны клирингийн журам”-ын 4 дүгээр бүлгийн 4.5, Клирингийн төвөөс Клирингийн гишүүнтэй байгуулсан “Гишүүнчлэлийн гэрээ”-ний 3.1.1 дахь заалтуудын дагуу Клирингийн төвөөс клирингийн гишүүдийн шалгуур үзүүлэлтийн хэрэгжилтэд хяналт тавих үүрэгтэй.

Клирингийн гишүүд дүрэм журам, тусгай зөвшөөрөл, гишүүнчлэлтэй холбоотой 3, санхүүгийн байдал, төлбөрийн чадвартай холбоотой 5, хүний нөөцтэй холбоотой 1, техник технологийн нөөцтэй холбоотой 2, нийт 11 шалгуур үзүүлэлтийг хангах ёстой бөгөөд санхүүгийн байдал, төлбөрийн чадвартай холбоотой шалгуурыг 2020 оны эхний хагас жилийн санхүүгийн тайлангийн хүрээнд, бусад шалгуур үзүүлэлтийг 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн үзүүлэлтүүдийн хүрээнд хяналаа.

Гишүүдийн 2020 оны эхний хагас жилийн санхүүгийн байдал, төлбөрийн чадварын үзүүлэлтүүдийг 2019 оны жилийн эцэстэй харьцуулахад нийт өөрийн хөрөнгө 1.4 хувиар, эргэлтийн харьцаа 260.6 хувиар тус тус нэмэгдэж, богино хугацаат өр төлбөр 5.3 хувиар буурсан эерэг үр дүн гарчээ. Үүний зэрэгцээ урт хугацаат өр төлбөр 70.1 хувиар өссөн боловч гишүүдийн төлбөрийн чадварын үзүүлэлтүүд Клирингийн журмын холбогдох шалгууруудыг хангасан хэвээр байна.

Клирингийн үйл ажиллагаа буюу Т+2 горимд шилжсэнээс хойш 5 сарын хугацаанд гишүүдтэй холбоотой төлбөрийн саатал, дефолт болон онцгой нөхцөл байдал үүсээгүй, төлбөрийн чадваргүйд тооцогдоогүй, дүрэм журам, тусгай зөвшөөрөл, гишүүнчлэлтэй холбоотой гэрээний үүргээ биелүүлсэн байна.

Бүх гишүүд 2-оос доошгүй клирингийн ажилтныг томилон, клирингийн мэдээлэл дамжуулах холболтууд хэвийн ажилласнаар хүний нөөц, техник технологийн нөөцтэй холбоотой шалгууруудад зөрчил илэрсэнгүй.

Энэхүү хяналтад 10 клирингийн гишүүн хамрагдсан бөгөөд бүх гишүүд клирингийн журамд заасан шалгуур үзүүлэлтийг бүрэн хангаж байна.

 

"Монголын үнэт цаасны клирингийн төв" ХХК

2020.09.16