Тайванийн үнэт цаасны зах зээлийн оролцогчидтой хамтарсан Вебинар сургалт уулзалтыг амжилттай зохион байгууллаа.

2020-12-18 17:33   Уншсан тоо: 287

“Монголын үнэт цаасны клирингийн төв” ХХК нь Тайванийн төвлөрсөн хадгаламж, төлбөр тооцооны төв (TDCC) болон Тайванийн хөрөнгийн бирж (TWSE)-тэй хамтарсан Вебинар сургалт уулзалтыг 12 сарын 18-ны өдөр Монголын хөрөнгийн зах зээлийн мэргэжлийн оролцогч байгууллагуудын хамтаар амжиллттай зохион байгууллаа.  

Монголын хөрөнгийн зах зээлд дараа төлбөрт тооцооны Т+2 системийг, “Төлбөрийн эсрэг нийлүүлэлт” (Delivery versus payment - DVP) зарчмаар гүйцэтгэх үйл ажиллагаанд шилжсэнтэй холбоотой олон улсын стандартыг нэвтрүүлэх, хөгжүүлэх зорилгоор ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг гадаадын байгууллагуудаас туршлага судлах, сургалт, зөвлөгөө авах зорилготойгоор уг уулзалтыг зохион байгуулсан юм.

Хамтарсан уулзалтын нээлтийн арга хэмжээнд хоёр орны оролцогчдын төлөөллүүд үг хэллээ. Тайвань улсын хөрөнгийн зах зээлийг төлөөлж TWSE-ийн ерөнхийлөгч Ноён Ли-Чунг Чиен нь “Тайвань-Монголын хөрөнгийн зах зээлийн хамтын ажиллагаа олон жилийн түүхтэй билээ. Өнөөдрийн энэ уулзалтад хоёр орны зах зээлийн төлөөллүүд өргөнөөр оролцож байгаад туйлын баяртай байна” хэмээсэн бол, TDCC-ийн Гүйцэтгэх захирал, Ази-номхон далайн орнуудын төвлөрсөн хадгаламжийн төвүүдийн холбооны (Asia-Pacific CSD Group) дэд ерөнхийлөгч Ноён Шерман Лин “Монголын хөрөнгийн зах зээлийн байгууллагуудтай хамтарч ажиллахад үргэлж сэтгэл хангалуун байдаг. Монголын хөрөнгийн зах зээлийн хамт олонд шинэ төлбөр тооцооны системийг амжилттай нэвтрүүлсэнд баяр хүргэж байна. Энэ удаагийн Вебинар сургалт уулзалтыг амжилттай зохион байгуулж байгаадаа баяртай байгаа бөгөөд шинэ төлбөр тооцооны системийн хөгжилд уг сургалт маань хувь нэмэр болж улам илүү баттай хөгжинө гэдэгт итгэж байна” хэмээн нээлтийн үгэндээ дурдлаа.

Тус вебинар уулзалтад Хөрөнгийн зах зээлийн оролцогч байгууллагууд маань өргөнөөр оролцож байгаа бөгөөд CEO уулзалтын үеэр Монгол улсын хөрөнгийн зах зээлийг төлөөлж Монголын хөрөнгийн бирж (МХБ)-ийн Гүйцэтгэх захирал Ноён Х.Алтай, Монголын үнэт цаасны клирингийн төв (МҮЦКТ)-ийн Гүйцэтгэх захирал Хатагтай О.Эрдэнэгэрэл, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв (ҮЦТХТ)-ийн Гүйцэтгэх захирал Хатагтай Ж.Байгалмаа нар талархлын үг хэлж уулзалтыг эхлүүллээ. CEO уулзалтад мөн Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоодын төлөөлөгч нар оролцлоо.

Вебинар уулзалт нь 12 сарын 18-ны өдрийн 14:30~16:30 цагийн хооронд Төлбөр тооцооны шинэ систем, Биржийн бус зах зээл болон кастодиан үйлчилгээний талаар Тайванийн туршлагаас хуваалцсан уулзалтаар амжилттай явагдаж өнгөрлөө.

 

"Монголын үнэт цаасны клирингийн төв" ХХК

2020.12.18