"Монголын үнэт цаасны клирингийн төв" ХХК-ийн Гүйцэтгэх захирал, О.Эрдэнэгэрэл: Монголын хөрөнгийн зах зээл үүсгэн байгуулагдсаны 30 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье!

2021-01-18 16:22   Уншсан тоо: 239

Монгол Улсад хөрөнгийн зах зээл үүсч “Монголын хөрөнгийн бирж” ХК байгуулагдсаны түүхт 30 жилийн ойн баярыг тохиолдуулан үнэт цаасны зах зээлийн хөгжлийн төлөө хүчин зүтгэж буй нийт салбарын оролцогчид, зохицуулах байгууллагын үе үеийн удирдлага хамт олон, мэргэжилтнүүд мөн хувьцаа эзэмшигч иргэд та бүхэндээ баярын мэндийг дэвшүүлье!

Хөрөнгийн зах зээлийн дэд бүтцийн байгууллагуудын үйл ажиллагааг олон улсын стандартад нийцүүлэх Засгийн газрын бодлого шийдвэрийн дагуу 2003 онд үнэт цаасны төлбөр тооцоо, хадгаламжийн үйл ажиллагааг МХБ-ийн бүтцээс салган Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв (ҮЦТТТХТ)-ийг, 2016 онд төлбөр тооцооны үйл ажиллагааг ҮЦТТТХТ-ийн бүтцээс салган үнэт цаасны арилжааны төлбөр болон тооцооны үүргийг бие даан гүйцэтгэдэг Арилжааны төлбөр тооцоо (АТТ) компанийг байгуулсан.

Бид төлбөр тооцооны системийн шинэчлэлийн хүрээнд Санхүүгийн зохицуулах хороо (СЗХ) болон Сангийн яам (СЯ), хөрөнгийн зах зээлийн мэргэжлийн байгууллагууд нягт хамтран ажилласны үр дүнд 2020 оны 3 сарын 31-нээс клирингийн шинэ үйлчилгээ буюу дараа төлбөрт тооцооны Т+2 горим, төлбөрийн эсрэг нийлүүлэлт (DvP) зарчмыг хөрөнгийн зах зээлд нэвтрүүлснээр “Арилжааны төлбөр тооцоо” ХХК компанийн оноосон нэр, чиг үүрэг, үйл ажиллагаа өөрчлөгдөн "Монголын үнэт цаасны клирингийн төв" ХХК (Клирингийн төв) нэрээр үнэт цаасны клирингийн үйл ажиллагааг эхлүүлж төлбөрийн уян хатан байдлыг хөрөнгө оруулагчдад олгож төлбөрийн эсрэг нийлүүлэлт DvP зарчмыг хэрэгжүүлэн арилжаанд оролцогч талуудад эрсдэлгүйгээр арилжаанд оролцох боломжийг нээж өгсөн.

Ингэснээр хөрөнгө оруулагчид төлбөрөө 100% урьдчилан байршуулах эсэхийг ҮЦК-иуд шийдвэрлэх эрхтэй болж харилцагчиддаа санхүүгийн олон төрлийн үйлчилгээнүүдийг үзүүлэх, өрсөлдөх чадвараа сайжруулах зэргээр эцсийн хөрөнгө оруулагчдад таатай нөхцөл боломжуудыг бий болгож байгаа юм.

Бид цаашид үйл ажиллагаагаа олон улсын стандартад нийцүүлэн илүү боловсронгуй болгож Хөрөнгийн зах зээлийн ирээдүйн хөгжлийн төлөө нөр их ажилд онцгой үүрэгтэй оролцохоор хичээн ажиллаж байна.

Гүйцэтгэх захирал       О.Эрдэнэгэрэл

"Монголын үнэт цаасны клирингийн төв" ХХК

2021.01.18