Монголын бондын зах зээлийн гарын авлагыг боловсруулахаар бэлтгэж эхэллээ.

2019-03-20 17:26   Уншсан тоо: 327

                  

                    Азийн санхүүгийн 1997 хямралын дараагаар зүүн өмнөд Азийн орнууд нэгдсэн ASEAN+3 (Япон Улс, Солонгос Улс, БНХАУ)-ийн Сангийн сайд нарын санаачилгаар гишүүн орнуудын санхүүгийн салбарын тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлж, Азийн хөрөнгө оруулалт, хуримтлалын үр ашигтай зарцуулалтыг бий болгох зорилготой ASEAN+3 Finance Ministers Initiative бий болгосон.

Тус санаачлагад гишүүн орнуудын санхүүгийн байгууллагуудаас гадна олон улсын шинжээчдийн бүрэлдэхүүн бүхий баг ажилладаг байна. Энэхүү санаачилга нь үндсэн 4 бүрэлдэхүүнтэй. Үүнд:

  1. Эдийн засгийн судалгаа, бодлогын хэлэлцүүлэг (The Economic Review and Policy Dialogue)
  2. Чианг Май санаачилга (The Chiang Mai Initiative)
  3. Азийн бондын зах зээлийн санаачилга (Asian Bond Markets Inititative)
  4. Судалгааны групп буюу AMRO (ASEAN+3 Research Group)

 

Монгол Улсын санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх, бүс нутгийн санхүүгийн салбарын хөгжил болон санаачилгатай нэгдэн зэрэгцэн оролцох, олон улсын сайн туршлага стандартуудыг өөрийн орны жишигт нийцүүлэн нэвтрүүлэх зорилгоор “Азийн бондын зах зээлийн санаачилга”-ын 2018 оны 5 дугаар сард болсон албан ёсны хуралдаанаар гишүүн улсуудын 100 хувийн дэмжлэгтэйгээр гишүүн бус ажиглагчаар нэгдэн орсон юм.

 

Азийн хөгжлийн банкны хувьд тус санаачилгын хүрээнд дараах арга хэмжээнүүдийг хариуцан зохион байгуулдаг болно. Үүнд:

  1. Азийн бондын зах зээлийн форум – Asian Bond Market Forum;
  2. Азийн бондын онлайн цахим хуудас – www.asiabondonline.com;
  3. Гишүүн улсуудын бондын зах зээлийн гарын авлага - ASEAN+3 Bond Market Guide;
  4. Хил дамнасан төлбөр, тооцоо дэд бүтцийн форум – Cross-border Settlement Forum (Одоогоор Монгол Улс энэ арга хэмжээнд хамрагдах боломжгүй байгаа)
  5. ASEAN+3 Multi-Currency Bond Issuance Framework
  6. Бусад олон улсын стандартуудыг нэвтрүүлэхэд гишүүн орнуудад дэмжлэг үзүүлэх – xBRL, ISO 20022 гэх мэт

                  Цаашид гишүүнчлэлийн статусыг нэмэгдүүлэхээр зорин ажиллаж байгаа бөгөөд Монголын бондын гарын авлагыг (Bond Market Guide Mongolia) боловсруулсанаар нэг шат ахих боломжтой болох юм. Сангийн яамны зүгээс энэхүү гарын авлагыг Азийн хөгжлийн банктай хамтарч Монгол болон Англи хэлнээ боловсруулахаар бэлтгэж байна. Энэ ажлын хүрээнд Азийн хөгжлийн банкнаас төлөөлөгчид Монгол Улсад 2019 оны 3 дугаар сарын 25-29-ний өдрүүдэд ирж хөрөнгийн зах зээлийн дэд бүтцийн байгууллагуудтай ажиллах бөгөөд 29-ний өдөр Бондын гарын авлагын бүтэц, агуулгын талаар ярилцах, уулзалтыг Сангийн яамны хурлын танхимд хийхээр төлөвлөж байна.