Клирингийн үйл ажиллагаа

Монголын үнэт цаасны клирингийн төв /Клирингийн төв/ нь үнэт цаасны зах зээлд клирингийн буюу тооцооны үйл ажиллагаа эрхлэх Санхүүгийн зохицуулах хорооны /СЗХ/ тусгай зөвшөөрөл бүхий дэд бүтцийн байгууллагуудын нэг юм.

Клирингийн төв нь “Үнэт цаасны зах зээлийн тухай хууль”-ийн 43-р зүйлийн дагуу арилжаанд оролцогч талуудын үнэт цаасны болон мөнгөн төлбөрийн үүргийг гэрээ тус бүрээр нь тоолон нэгдсэн дүнгээр тодорхойлох, тэрхүү төлбөрийн үүрэг биелэхэд учирч болзошгүй эрсдлийг удирдах үндсэн үйл ажиллагааг хэрэгжүүлдэг. 

Үнэт цаасны арилжаанд өдөр бүр олон тооны үнэт цаасны компаниуд хэдэн мянган хэлцлийг өөр хоорондоо хийдэг. Тэдгээр хэлцлийг эмхэтгэж, клирингийн гишүүний бусдад шилжүүлэх, бусдаас авах гүйлгээнүүдийг нэгтгэн 1 гүйлгээ болгох нь Клирингийн төвийн үндсэн үйл ажиллагаа юм.

Ингэснээр клирингийн гишүүн асар их цаг хугацаа, үйл ажиллагаа, шилжүүлгийн зардлыг хэмнэдэг. 

Зураг 1. Хэлцлийн талууд болон Клирингийн төвийн хоорондох гүйлгээ

  • Төлбөр тооцооны Т+2 горим

Төлбөр тооцооны Т+2 горим гэдэг нь арилжаанд оролцогч үнэт цаасны төлбөрийг арилжаа хийсний дараах 2 дахь өдөр төлнө гэсэн үг. Энэ горим нь ОУ-ын стандарт бөгөөд оролцогч гишүүдийн хөрвөх чадварыг нэмэгдүүлж, гадаадын хөрөнгө оруулагчдад МХБ-ийн арилжаанд оролцох боломжийг өргөжүүлсэн алхам юм.

Клирингийн төв нь СЗХ-ны “Үнэт цаасны дараа төлбөр тооцооны Т+2 горим, төлбөрийн эсрэг нийлүүлэлт зарчмыг нэвтрүүлэх тухай” 2020 оны 29-р тогтоолыг хэрэгжүүлж 2020 оны 3-р сарын 31-ний өдрөөс дараа төлбөрт үйлчилгээг амжилттай нэвтрүүлээд байна.

Зураг 2. Үнэт цаасны арилжааны төлбөрийн Т+2 горим